ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2026 ОНЫ ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний  талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн хяналтын хүрээг оновчилж, хүнс, эрүүл ахуй, эм, эмчилгээний чанар, уул уурхай, газрын тос, байгаль орчин, дэд бүтэц, боловсрол зэрэг нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөх, эсхүл зөрчигдөх эрсдэлтэй үйл ажиллагаанд хяналт тавих төрийн хяналт шалгалтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.  

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах хүртэлх хугацаанд хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгах, Засгийн газрын салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатарын өгсөн үүргийн дагуу Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 

Төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгох зорилгоор Олон нийтийн хяналтын тухай хуулийн төсөл боловсруулах хууль зүйн шаардлагатай байна. Төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх хөндлөнгийн зөвлөлийн хүрээ, хязгаарын талаар тусгаж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар төрд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаан дахь төсвийн зарцуулалтад тавих олон нийтийн хяналт сайжрах, төсвийн үргүй зардал багасах, түүнчлэн, Авлигын төсөөллийн индекс сайжрах нөхцөл бүрдэнэ.

"Улаанбаатар Арена" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Төслийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журмыг баримтлан ажиллахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа.  

Хувийн хэвшлээс Улаанбаатар арена төслийг санаачлан, хамтран ажиллах санал ирүүлжээ. Энэ спорт цогцолбор нь 3000-5000 хүний суудалтай, 20.000-35.000 ам.метр талбайтай, жилд 150-200 арга хэмжээ зохион байгуулж, 200.000-300.000 үзэгч татна, эдийн засгийн хувьд жил бүр 15-26 сая ам.долларын орлого олно тооцоолжээ.  Нийт 74 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил бүрэн хариуцах нөхцөлтэй.  

Төсөл хэрэгжсэнээр иргэдийн хөдөлгөөний дутагдал, стрессийг бууруулж эрүүл мэндийг дэмжих, гэмт хэрэг, хорт зуршил зэрэг нийгмийн сөрөг нөлөөллийг бууруулж, улмаар урьдчилан сэргийлэх, залуусын эерэг соёлыг дэмжих ач холбогдолтой. Түүнчлэн эдийн засгийн хувьд шинэ ажлын байр бий болгох, спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж үзэж байна.

Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг ч спортын ордон, заалны хүрэлцээ хангалтгүй, ихэнх нь хуучирсан тул залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж хязгаарлагдмал, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж дутмаг байна. 

Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ 

Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбогдуулан Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. 

Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Х.Ганхуягаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, төрийн бусад байгууллагын төлөөллийг оролцууллаа. 

Монголын түүхийн чухал нэгэн үе Их Монгол Улсын түүхийг улс орон даяар өргөн дэлгэр сурталчлах, нас насныханд зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулах, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт ойг товойлгон харуулах агуулга, үзэл санааг тусган хэрэгжүүлэх, Их Монгол Улсын түүх, соёлын холбоотой мэдээллийг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олон улсад сурталчилна. 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2026 оны хувь, хэмжээг тогтоолоо 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан даатгуулагчийн сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоолоо. 

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн,  хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, хугацаат цэргийн жинхэнэ алба хаагч, ял эдэлж байгаа ялтан, бусад иргэний сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнтэй адилтгах орлогын 2 хувь, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоолоо. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасан байдаг.

Төрөөс шимтгэлийг нь хариуцах иргэдэд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч болон  ял эдэлж байгаа ялтан хамаардаг бөгөөд нийт 2.2 сая иргэний шимтгэлийг төрөөс хариуцан төлж байна. 

 

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.