Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал болон УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Ц.Мөнхбат, Б.Түвшин, Д.Энхтуяа нар БНСУ-д албан томилолтоор ажиллах үеэрээ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигт бараалхлаа. Мөн уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд оролцов.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг уулзалтын эхэнд, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчдийг тус улсад зочилж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг онцлон дурдав. Мөн цаашид хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрэн бэхжих байх гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсад айлчилсан нь хоёр орны харилцааг улам бэхжүүлэх үйл явдал болсныг онцлон дурдаад Монгол Улсад зочлох үед Монголын ард түмнээс хүлэг морь бэлэглэсэнд билэгшээж, уг мориндоо “Хашаа давагч” хэмээн нэр өгсөн гэдгээ сонирхуулан дурдав. Мориндоо ийм нэр өгсөн тухайгаа ярихдаа тэрээр, өнгөрсөн оны 12 дугаар сард БНСУ-д онц байдал зарлах үед Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг парламентын ордны хашаа давж орон Үндэсний ассамблейг хуралдуулж онц байдлыг цуцлах шийдвэр гаргаж байсан түүхээ бэлгэдэн өгчээ. Үндэсний Ассамблейн дарга Монголын 10 аймагт хэрэгжиж байгаа дулааны станцын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж дуусгахын төлөө хүчин чармайлт гаргаж байгаагаа мөн илэрхийлэв. Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монголын төлөөлөгчид биднийг найрсгаар хүлээн авч байгаад талархал илэрхийлэхийн ялдамд парламентын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж хоёр орны хооронд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт харилцаа өргөжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.

О.Цогтгэрэл дарга тус улсад зочлохын өмнө БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Чой Жин Вонтой уулзсан төдийгүй, БНСУ-д ажиллаж амьдарч, сурч байгаа Монгол иргэдийнхээ төлөөлөлтэй өчигдөр уулзаж, тэднийхээ санал, хүсэлтийг сонсож, яригдсан асуудлуудыг Үндэсний ассамблейн даргад уламжлан, судалж шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүсэв. Тухайлбал өнөөдрийн байдлаар БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй иргэдийн тоо 60 мянгад хүрч, үүнээс 17 мянга орчим иргэд визийн хугацаа хэтэрсэн байдалтай байгаа нь тухайн иргэдийн хувьд нийгмийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал болж, хүний эрх зөрчигдөх нөхцөл бий болсонд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлэн визний журмын хөнгөвчлөх асуудлыг өөрийн орны хууль эрх зүйн орчны хүрээнд онцгойлон авч үзэхийг хүслээ. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийллээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг АН-ын дарга О.Цогтгэрэлийн хүсэлтийг ач холбогдол өгч шийдвэрлэх чиглэлээр хоёр улсын Элчин сайдууд болон асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар дамжуулан харилцааг өрнүүлэх болно гэв.