"ӨНӨ МӨНХИЙН МОНГОЛ" БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН БАЙНГЫН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨР 15 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭРЭГЖИНЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр /2025.11.07/ "Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцжээ.

Уулзалтын эхэнд Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн М.Болдоо, The Nature Conservancy (TNC)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах, Гүйцэтгэх захирал Э.Номиндарь нараас хөтөлбөрийн төлөвлөгөө, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Үргэлжлүүлэн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж хамтран ажиллах асуудлуудын талаар санал солилцлоо.

 Мөн уулзалтад Монголын Байгалийн Өв Санд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй Ө.Азжаргал, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жастин Шанти, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн зөвлөх Торстен Хардер, Хүний эрхийн хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож нар хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэхэд хэрхэн ажлуудаа уялдуулж ажиллах боломжтой тухай саналаа илэрхийллээ.

“Өнө мөнхийн Монгол” БХБС-ийн хөтөлбөр нь 15 жилийн хугацаанд Монгол Улсын байгаль хамгааллын үндэсний зорилтуудыг хангахад чиглэсэн, олон улсын болон үндэсний байгууллагуудын түншлэлд тулгуурласан, байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгоход чиглэн хэрэгжинэ. Ингэхдээ экологийн өндөр ач холбогдол бүхий тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, сүлжээг өргөтгөх, хамгааллын менежментийн үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх, тэдгээр бүс нутагт амьдарч буй иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих, байгаль хамгааллын санхүүжилтийн шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх замаар байгаль хамгааллын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой ажиллах юм.

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.