Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаан болж дөрвөн асуудал хэлэлцэх байснаас хурал даргалагч нэг асуудлыг судалж, боловсруулаад дараагийн хуралдаанаар хэлэлцэх санал гаргасны дагуу гурван асуудлыг хэлэлцжээ.
Эдгээрээс онцолбол, Баянзүрх дүүргийн төрийн болон хувийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авбал багшийн хамт урамшуулж байх журмыг баталсан байна.
Энэ оны ЭЕШ-аар Баянзүрх дүүргээс нийт 23 сурагч 800 оноо авч үнэ бүхий зүйлээр шагнуулж байсан бөгөөд өмнө нь журамлаж байгаагүй юм.
Энэ удаагийн журам батлагдсанаар ЭЕШ-ын аль нэг хичээлээр 800 оноо авсан сурагч болон багшийг тус бүр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй (одоогийн хэмжээгээр 3.960.000) тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор боллоо.
Хоёр болон түүнээс дээш хичээлээр 800 оноо авбал дээрх урамшууллын хэмжээ нэмэгдэх байдлаар журамд тусгалаа. Ингэснээр дүүргийн сурагчдын сурлагын амжилт, багш нарын ажлын идэвх нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.