Ардчилсан хүчний холбооны 15 жилийн ойн тохиож байна. Ойн хүрээнд Онол практикийн бага хурлыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж, таван эрх чөлөөг нутагшуулахын ач холбогдол, эдийн засгийн эрх чөлөөний өнөөгийн байдал, цаашдын бодлого чиглэлийн талаар хэлэлцүүлж, уриалга гарган баталжээ.
Тус хуралд УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ болон 9 дүүрэг, хөдөө орон нутгийн АХХ- ны салбар зөвлөлийн 130 гаруй гишүүд оролцож, санал бодлоо илэрхийлж, алдагдсан эрх чөлөөнийхөө төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө тэмцэхэд бэлэн байгаагаа зарим гишүүд илэрхийлсэн төдийгүй эрх баригчдын алдаатай бодлого, орчин цагийн хэлмэгдүүлэлт эхэлсэнд харамсаж, үнэт зүйл, үзэл санаандаа бат зогсохыг хүсэж, үнэн, шударга ёсны төлөө нэгдэхээ илэрхийлсэн байна.
Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, гүйцэтгэх захирлаар Б.Бурмаа, Дэд ерөнхийлөгчөөр С.Наранбаатар, Э.Ендон, Ө.Үнэнбүрэн, Э.Орхонбаяр, А.Ундрахбаяр, А.Акчирхан нарыг томилжээ.
Ардчилсан хүчний холбооны өнөөдрийн хурлаас гаргасан уриалгыг улс төрийн намуудад хүргүүлэх бөгөөд өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгч, үнэт зүйл үзэл санаагаа хамгаалахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ардчилсан хүчний холбооны гишүүдэд 15 жилийн ойн мэнд дэвшүүлж, Ардчилсан нам бол олон өнгөтэй, шударга ёсны нам гэдгийг онцлоод өнөөдөр дарангуйлсан төр бий болж, коммунизмийн сүг сүүдэр тэнүүлчилж байгааг анхаарч, эрх чөлөөгөө хамгаалахын төлөө нэгдэхийг хүсжээ.