Гоо сайхны мэс заслын салбарт Монголдоо жишиг болсон “Принцесс” Princess Aesthetic surgery clinic эмнэлэг үйл ажиллагаа явуулж эхлээд 10 дахь жилтэйгээ золголоо.
Тус эмнэлгийн брэнд болсон үйлчилгээ нь хамрын гоо сайхны мэс засал юм. Хамрын хэлбэр засах, хамар өндөрлөх, хамрын үзүүрийг шөнтийлгөх, далий хамар тэгшлэх, нарийн болгох, монхрыг арилгах, үзүүрийн хэлбэр засах, сартгар багасгах үйлчилгээ нь үйлчлүүлэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авч ирсэн байдаг.
Түүнчлэн давхраа хийх, дээд болон доод зовхины мэс засал буюу үрчлээс багасгаж, илүүдэл арьс авах, доод зовхины цүлхийсэн өөх авах, нүдийг дотогш сэтлэх, амжилтгүй хийгдсэн давхраа засахын зэрэгцээ мэнгэ, үү, ургацаг авах, эрүү, нүүр орчмын сорви засах, шархны анхдагч цэгцлэлт болон арьсны тарилгууд хийж үйлчилж байна. Гоо сайхны мэс заслыг мэргэжлийн өндөр түвшинд хийж ирсэн гоо сайхны, тэр дундаа эрүү, нүүрний мэс заслын салбарт 20 дахь жилдээ тасралтгүй ажиллаж буй, мэргэшсэн эмч Т.Жанболатын үүсгэн байгуулсан “Принцесс” эмнэлгийн Эрүү нүүрний Ахлах зэргийн эмч, Анагаах ухааны магистр Г.Халиунаатай ярилцлаа.
–Гоо сайхны мэс заслын салбарт Т.Жанболат эмчийн үүсгэн байгуулсан “Принцесс” эмнэлгийг мэдэхгүй хүн цөөн болов уу. Энэ туршлагатай эмчийн гарын шавь болж, хамтран ажиллах завшаан хэрхэн тохиож байв. Таны хувьд гоо сайхны мэс заслын салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Намайг Ганхуягийн Халиунаа гэдэг. Өөрийгөө товч танилцуулахад 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг төгсөж энэ салбартаа орсноос хойш 2015 онд эрүү нүүрний мэс заслын эмч, 2016 онд Анагаах Ухааны магистр, 2023 онд Ахлах зэргийн эмч цолоо авсан байна.
Ер нь эмч хүн мэргэжлээ дээшлүүлнэ гэдэг урт, богино хугацааны сургалтуудын үр дүн байдаг. Эдгээрийн хажуугаар мөн богино хугацааны дотоод, гадаадын хурал, семинарт байнга оролцож, туршлага хуримтлуулахыг хичээдэг.
Хамгийн сүүлийн оролцсон хурлуудаас гэвэл, 2024 оны есдүгээр сард Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын нийгэмлэгийн хуралд оролцсон. 2024 оны аравдугаар сард Монголын эрүү, нүүрний мэс засалч эмч нарын олон улсын хуралд өөрийн эмнэлгийг төлөөлөн хамрын хагалгааны тухай илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. Мөн гадаадын томоохон хурлаас дурдвал, 2024 оны арваннэгдүгээр сард БНСУ-д болсон 43 орны 1400 гаруй эмч оролцсон олон улсын хуралд ерөнхий эмч Т.Жанболатын хамтаар Монгол Улсад хийгдэж байгаа хамрын хагалгааны талаар танилцуулсан илтгэлээ тавьсан гээд алхам тутамдаа бусдаас суралцаж, туршлага хуримтлуулж явна даа.
Олон улсын аливаа хурал бол орон орны эмч нар нийлээд “Манай улсад энэ хагалгааг ингэж хийж байна, ийм түвшинд явж байна” гэж бие биедээ танилцуулдаг учраас туршлага судлахаас гадна өөрсдийнхөө байгаа түвшнийг харьцуулах боломж олгодог учраас манай эмнэлгийн хувьд энэ төрлийн хуралд 2017 оноос хойш байнга оролцож, үйл ажиллагаандаа нэвтрүүлж явдаг л даа. Эмч нар бол хэзээ ч суралцаж дуусдаггүй онцлогтой мэргэжил эзэмшсэн хүмүүс.
Хурал семинарт оролцох бүрдээ дахиад илүү сайн суралцах ёстойгоо ойлгодог. Тиймээс мэргэжилдээ улам дурлаж ажиллаж байна. Т.Жанболат эмчтэйгээ хамт ажиллаад арваад жилийн нүүр үзэж байна. 2014 онд Мэс заслын резидэнт эмчээр суралцаж байхдаа Т.Жанболат эмчийнхээ хагалгаанд нь туслах эмчээр ажиллаж, анх танилцаж байлаа. Түүнээс хойш 2015 онд түүнийг өөрийн гэсэн эмнэлгээ үүсгэн байгуулах үед туслах эмчээр ажиллаж эхэлсэн юм. Тэр цагаас хойш хамтран зүтгэж, туршлага хуримтлуулаад “Принцесс эмнэлгийнхээ түүхийг бичилцээд явж байна. Сургуулиа дөнгөж төгсөөд ажил, амьдралын гараанд гарахдаа Т.Жанболат эмчийгээ дагалдаад их зүйл суралцсандаа баяртай явдаг. Одоо ч эмч маань хагалгаа бүрд мэргэжлийн санал шүүмж хэлж, хурцалж өгдөгт талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
–Эмч хүний алтан зарчим хариуцлага байдаг болов уу. Тэгвэл та буцааж болохгүй энэ хариуцлагатай ажлыг гүйцэтгэхдээ ямар зарчим баримталдаг вэ?
-Эмч хүн онолын сайн мэдлэгтэй байхаас гадна практикаар мэдлэгээ баяжуулсан байх ёстой байдаг. Хийдэг хагалгаагаа олон давтан хийх тусам онолын мэдлэг батажна. Мөн хагалгаанаас гарч болох аливаа эрсдэл хүндрэл, асуудлыг шийдэж чадах чадвартай байх нь чухал. “Мэс заслын хутга бол мэс заслын эмчийн хувьд зүйрлэвэл хоёр талдаа иртэй мэт бөгөөд дутуу дулимаг мэдлэгтэйгээр түүнийг хэрэглэх нь өөрийгөө ч мөн гэмтээж болзошгүй зэвсэг юм” гэж уншиж байснаа байнга санаж явдаг.
-Танай эмнэлгийн брэнд мэс засал бол хамрын хагалгаа гэж ойлгодог. 10 жилийн хугацаанд энэ төрлийн мэс заслыг тасралтгүй хийж ирэхдээ хэчнээн хүний хамрын гоо сайханд мэс ажилбар хийсэн байдаг юм бэ. Сонирхож асуухад, танай эмнэлэгт өдөрт хэчнээн хүнд хамрын хагалгаа хийж байна вэ?
-Бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөртөө дээд тал нь дөрвөөс таван хүнд хагалгаа хийх боломжтой. Гэхдээ мэс заслыг яаруу сандруу хийж болохгүй. Олон хагалгаа орох тусмаа эмч ядарч, сувилагчийн анхаарал суларч, алдаа гарах эрсдэлтэй. Хүний насан туршийн гоо сайхантай холбоотой асуудал учраас бид маш хариуцлагатай хандах ёстой гэж үздэг. “Принцесс” эмнэлэг 2015 онд үүсгэн байгуулагдахаас өмнө манай ерөнхий эмч Т.Жанболат нь “Төгс ялгуун” эмнэлэгт 2006 оноос ажиллаж эхэлсэн түүхтэй байдаг. Энэ хугацаанд Т.Жанболат эмч маань 7-8 мянга орчим үйлчлүүлэгчид хамрын болоод бусад төрлийн гоо сайхны мэс ажилбар хийсэн байх гэж бодож байна.
-Мэргэжлийн эмчийн хувьд хамрын хагалгаанд орохоор ирсэн хүнд та ямар зөвлөгөө өгөхийг чухалчилдаг вэ. Магадгүй өөрт тохирохгүй хэлбэртэй хамар хүссэн тохиолдол гардаг байж болох юм?
-Хамгийн чухал зүйл бол тухайн хүнд тохирсон хамрын хэлбэрийг л санал болгох асуудал юм. Жишээ нь, жижиг үзүүртэй, самсаа богино, арьс зузаан, бондгор хамартай хүнд “Таны хамрын үзүүр их шонтгор гарч ирэхгүй шүү” гэдгийг урьдчилан тайлбарлах нь хагалгааны дараах өндөр хүлээлтийг буулгах ач холбогдолтой. Хэт өндөр хүлээлттэй байх тусам хагалгааны үр дүн таалагдахгүй байх магадлалтай. Тэгэхээр өндөр хүлээлттэй хүмүүсийг аль болох бодит байдалтай нүүр тулж байж хагалгаанд орохыг санал болгодог. Гэтэл тухайн хүн заавал шөнтгөр хамар хүсээд байвал тэр хүнд сайтар тайлбарлаад, дахиад бодох хугацаа өгөх нь зөв байдаг. Гоё шөнтгөр, өндөр хамар хүсээд байдаг, гэвч тухайн хүний анатомийн онцлог, нөөц бололцоо бага бол хагалгааны үр дүн төдийлөн өндөр гарахгүй. Бид зөвхөн хамраа дангаар нь харахгүйгээр нүүрний бүтэн хэмжээнд хамраа ярьж тооцоолдог.
-Манайд хамрын хагалгаа хийдэг эмнэлэг харьцангуй олон болсон. Тэгвэл өөр эмнэлэгт хийлгэсэн хагалгаа нь амжилтгүй болсон шалтгаанаар танайд хэр их ханддаг вэ. Энэ тохиолдолд ямар зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг вэ?
–Дотоодын эмнэлгүүд гэлтгүй гоо сайхны хагалгаа өндөр хөгжсөн БНСУ, Турк, Тайланд, БНХАУ-д хагалгаа хийлгээд амжилтгүй болсон тохиолдлууд ч манай эмнэлэгт цөөнгүй ханддаг. Хамрын хагалгаа бол дэлхий дахинд хамгийн өргөн хийгддэг гоо сайхны хагалгааны хоёрдугаарт буюу зовхи, давхрааны хагалгааны дараа эрэмбэлэгддэг.
2015 онтой харьцуулахад хамрын засвар хагалгаа буюу өмнө нь хийгдсэн хагалгааг засаж сайжруулах хагалгаа хийлгэх хүсэлтэй үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Манай “Принцесс” эмнэлгийн хувьд ч анх 2015 онд байгуулагдахдаа хамрын хагалгаанаас илүү зовхины хагалгааг их хийдэг байсан. Улмаар жил ирэх тусам хамрын хагалгааны тоо өссөөр өнөөдөр дийлэнх хагалгааг эзэлдэг болсон. Ажиллах явцдаа арга барилаа шинэчлээд, БНСУ, Турк, АНУ зэрэг орнуудад олон удаагийн сургалтад явсаар байгаад хамрын хагалгаагаараа олонд танигдсан байна.
Жишээ дурдахад, 2024 оны арваннэгдүгээр сард болсон олон улсын хуралд дэлхийн тэргүүлэх зэргийн томоохон эмч нар өөрсдийн хийдэг хагалгаануудынхаа арга барил, үр дүнг танилцуулдаг хурал болсон. Уг хурлын үеэр ажигласан зүйл гэвэл манай эмнэлгийн одоогийн хийж буй хамрын хагалгааны арга техник нь Ази тивд хийгдэж байгаа гоо сайхны хагалгаатай ойролцоо түвшинд явж байна гэж дүгнэсэн.
–“Принцесс” эмнэлэг гоо сайхны мэс заслын салбарт хамрын хагалгааны үр дүнгээрээ бусдаасаа гарцаагүй ялгарна. Олон жил энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд та эмнэлгийнхээ давуу талыг хэрхэн тодорхойлох вэ. Ярилцлагын төгсгөлд салбарынхаа хөгжлийн талаарх таны байр суурийг сонсъё?
-Гоо сайхны ихэнх эмнэлэг олон төрлийн хагалгааг төрөлжүүлж, бүх төрлөөр нь буюу нүүр, биеийн галбир засах, хөхний хагалгаа, гоо сайхны зарим ажилбар, арьсны ажилбарууд гээд бүх төрлөөр нь хийдэг.
Харин манай эмнэлэг илүү нарийссан буюу нийт хагалгааны маань 80-90 хувь нь зөвхөн хамрын хагалгаанд чиглэдгээрээ онцлогтой. Олон эмнэлэг ажиллах тусмаа өрсөлдөөн дундаас чанар илүү тодорно. Хамар хийдэг олон эмнэлэг байх тусам бид илүү хичээж, нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх шаардлага гарна.
Олон эмнэлгээс ялгарахын тулд арга барил, чанар, үйлчилгээндээ илүү анхаарах учиртай. Энэ нь салбарын хөгжилд ахиц авчирна гэж үзэж байна. Манай эмнэлэг анх 2015 онд хоёр эмч, нэг сувилагчтайгаар түрээсийн байранд нэг хагалгааны өрөөтэй цомхон эхэлж байсан. Одоо 10 жилийн дараа үндсэн 10 ажилтантай, өөрийн гэсэн байртай, хагалгааны хоёр өрөөтэй, тоног төхөөрөмж, боловсон хүчний хувьд томоохон ахицтай ажиллаж байна. Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлж илүү сайн үйлчилгээ үзүүлэхийг хичээн ажиллаж байна. Одоогийн байдлаар бол гурван эмч, гурван сувилагчтай, 4 бусад ажилтантайгаар ажиллаж байна. Ерөнхий эмч Т.Жанболат эмч маань мэс заслын тэргүүлэх зэрэгтэй. Салбартаа 20 дахь жилдээ ажиллаж байна.
Тэгээд миний бие. Мөн сургуулиа амжилттай төгсөөд салбартаа жил гаруй хугацаанд ажиллаж байгаа залуу сайн эмч бий. Манай гурван сувилагч бол энэ салбартаа 8-10 жилийн туршлагатай хүмүүс. Хагалгааны үед эмчийн юу хийхийг мэддэг, эмчид ямар багаж хэрэгтэй байгааг хэлүүлэхгүйгээр мэдэрдэг тийм чадварлаг хүмүүс бий. Мэс засал бол багийн үйл ажиллагаа. Баг хамт олноороо мэргэшиж байж олон хагалгааг амжилттай хийх үндэс болдог. Манай эмнэлгийн баг хамт олон чадварлаг учраас манай “Принцесс” эмнэлгийн нэр хүнд салбартаа сайн байгаа гэж бодож явдаг.
–Цаг зав гарган ярилцлага өгсөнд танд баярлалаа. Танай хамт олонд 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Баярлалаа. Манай эмнэлгийг онцолж ярилцлага авсан танай хамт олонд ч гэсэн ажлын амжилт хүсье. Мөн манай эмнэлгийг сонгож үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдэдээ ч баярлалаа.