ХЭҮК: Асрамжийн газарт амьдарч байгаа ахмад настан тэтгэврээ өөрийн дураар зарцуулж чадаж байгаа эсэхэд хяналт тавих шаардлагатай

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгад туссан онцлох заалт, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн мөрөөр батлагдсан УИХ-ын 35 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгах зорилгоор зохион байгуулсан хяналт шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар ахмадын асрамжийн газруудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр  “Улсын хэмжээнд улсын төсвийн болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг 8 ахмадын асрамжийн газар байна.

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Дорноговь, Увс, Хөвсгөл аймгийн ахмадын асрамжийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Энэхүү хяналт шалгалтын дүнг үндэслэн Баян-Өлгий, Увс, Дорноговь аймгийн Засаг дарга нарт Комиссын гишүүний Шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн. Асрамжийн газруудад дараах нийтлэг зөрчил байна.

Үүнд:

Асрамжийн газрын байр ахмад настанд ээлтэй байдлаар төлөвлөгдөөгүй, хүртээмжгүй байна. Иймд байрыг шинээр барих, засварлах шаардлагатай байна. Ингэхдээ тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй ахмадын хэрэгцээ шаардлагад нийцсэн орчин бүрдүүлэх.

-Ахмад настны бичиг баримтын бүрдэл, хувийн хэргийг бүрэн гүйцэт хөтлөлт дутуу. 

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, эмийн хангалтыг сайжруулах. Зохих эмийн нөөцийг бүрдүүлэх.

-Сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлэх. Ингэхдээ сэтгэл зүйчийн орон тоог бий болгох, сэтгэл заслын үйлчилгээ авах орчин нөхцөлийг бүрдүүлэх.

-Хоол хүнсний чанар хүртээмжийг сайжруулах. Ахмад настанд тохирсон хоол хүнсээр хангах.

-Ахмадын асрамжийн газрын Камерын хяналтын журмыг баталж мөрдүүлж, хүний хувийн мэдээллийг хамгаалах.

-Ахмад настанд эдийн засгийн эрх чөлөө олгох. Тэтгэвэр, тэтгэмжийн 70 хувийг өөрийн мэдлээр захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх. Итгэмжлэгдсэн төлөөлөгч захиран зарцуулж буй тохиолдолд байгууллагын дотоод хяналтыг тогтмол ажиллуулах.

-Асрамжийн газрын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалтыг үе шаттай тогтмол зохион байгуулах шаардлагатай.

Тиймээс Дорноговь, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл аймгийн Асрамжийн газрын газрын эрх бүхий албан тушаалтанд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлсэн. Шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй танилцуулах болно” гэлээ.

 

Нийт сэтгэгдэл (0)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.